Би их залуудаа ээж болсон ээж нарын нэг бөгөөд одоо 27 настай, гурван хүүхэдтэй. Их сургуулиа маркетингийн удирдлагын чиглэлээр төгссөнөөс хойш худалдаа, үйлчилгээний салбарт маркетингийн менежерээр ажиллаж байсан туршлагатай.
Гурав дах хүүхдээ төрүүлсний дараа хүүхдүүд маань орчин бүрдүүлээд өгчихвөл өөрсдөө хийж болох зүйл дээр том хүнээс тусламж дандаа асуудаг нь ажиглагдсан.
Манай аав мужаан болохоор хүүхдүүддээ тавилга хийлгэе гээд аав дээрээ анх мод бэлдээд очиж байсан юм.
Түүнээс хойш хүүхдүүд маань тусдаа унтах, тавиур дээрээс өөрсдөө тоглоом болон эд зүйлсээ авах, буцааж тавих, бохир хувцсаа угаалгын сагсанд ялгаж хийх гээд илт биеэ дааж, бие биеэсээ суралцаж, аав ээжийн туслалцааг асуух нь багассан.
Тэгээд бусад ээж нартай хуваалцъя гээд Фэйсбүүк хуудас нээгээд пост оруултал эхний өдрөө 1000 гаруй хандалт, бас болоогүй үнээ ч тогтоож амжаагүй байхдаа анхны захиалгаа авчихсан.
Ийнхүү мужаан аавтайгаа, туслах мужаантай гурвуулаа анх үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа.
Анх эхлэхэд захиалга бүр дээр хэрэглэгчдээс ирсэн санал сэтгэгдэлд үндэслэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ богино хугацаанд сайжруулж чадсан.
Өдгөө Буудай Бренд нь хүүхдийг орчноор нь дамжуулж сургах, бие даах чадвар хөгжүүлэх монтессори эко тавилга, модон тоглоом үйлдвэрлэдэг, эсгий эдлэл, сүлжмэл сагс, ноосон бүтээгдэхүүн, каллиграфи хийж борлуулдаг урлаач ээжүүдтэй хамтран ажилладаг бөгөөд өөрсдийн гэсэн тавилгын цех болон Зайсан дах үзүүлэнгийн дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Баг бүрэлдэхүүний хувьд манайх гэрээр сүлжмэл, гар бичмэл хийдэг маш туршлагатай, чадварлаг ээж нартай хамтран ажилладаг.
Эко бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгч нь байгаль байдаг учраас бид ямар ч хаягдалгүй үйлдвэрлэл эрхэлж, зөвхөн цэвэр мод, химийн нэмэлт найрлагагүй эко тос болон будаг ашигладаг.
Тавилга хүргэгдэж очсон тавилгын хайрцгаа хүртэл хэрэглэгчийн сонголтоор буцааж авч яваад дахин ашигладаг.
Монгол үйлдвэрлэл явуулахад ажилтнууддаа брендийнхээ философийг ойлгуулах, байнга сануулж байх, үйлдвэрийн аюулгүй ажиллагаа, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх гээд тулгарах сорилтууд дуусдаггүй юм билээ.
ЖДҮ-ийн салбарт гарааны бизнес эрхлэх явцад сурсан хамгийн том сургамжууд:
1. Брендээ олон нийтэд таниулах, урт хугацаанд тогтвортой бренд бий болгохыг хүсвэл мэргэжлийн ажлыг мэргэжлийн хүмүүст даатгах.Жишээлбэл: Манайх Pick-pack хүргэлтийн компанид агуулах, хүргэлт, угсралтаа хариуцуулж, консалтингийн туршлагатай хүмүүсээс аутсорсинг хийж болох үүргүүдээ хариуцуулж, алдагдалгүй ашигтай ажиллагаагаа сайжруулах үүднээс мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авч байна.
2. Түүхий эдийн өсөлтөд бэлтгэлтэй байх.Анх бизнесээ нэг жилийн өмнө эхлүүлж байсантай харьцуулахад түүхий эдийн үнэ ойролцоогоор хоёр дахин өссөн байна.Түүхий эдийн үнэ өсөх хэрээр бүтээгдэхүүний өртөг нэмэгддэг ч эцсийн бүтээгдэхүүний үнээ байнга нэмэх нь брендийн нэр хүндэд нөлөөлөх болохоор урьтаж нөөцөлсөн ч болоосой гэж одоо боддог.
3. Бизнесийн санаа амжилттай хэрэгжиж эхэлмэгц гарааны бизнесээс бүх ажлыг албан ёсоор компанийн соёлд шилжүүлэх нь чухал санагдсан.Анх би машиныхаа тээшинд жижиг тавилга болон бүтээгдэхүүнүүдээ авч явж танилцуулдаг байсан бөгөөд боломж гармагц зээл аваад зайсан дах үзүүлэнгийн дэлгүүрээ нээж хэрэглэгчдэдээ тав тухтай орчинг бий болгож чадсан.
Мөн биднийг сонгоод худалдан авалт хийх гээд залгаж байгаа үйлчлүүлэгч бүрийн дуудлага бидэнд чухал байдаг.
Харилцаа холбоондоо CallPro үйлчилгээний Стартап багцыг ашигласнаар нэг бренд дугаараар дэлгүүр болон хүргэлтийн ажилтанд дуудлага шууд шилждэг болсон.
Манай хүмүүс дуудлагаа хүлээн авч чадаагүй, завгүй байсан ч алдсан дуудлага бүрийг мэдээлдэг учраас үйлчлүүлэгчтэйгээ эргэж холбогдож чаддаг.
Making Memories – Дурсамж Бүтээлцье уриатай манай дэлгүүрийн модон тоглоомуудын будаг нь тусдаа савалгаатай очих бөгөөд аав ээж нар хүүхдүүдтэйгээ хамт тоглоомоо будах боломжтой.
Өөрөө хийсэн тоглоомоосоо хүүхэд уйдахгүй удаан тоглох дуртай байдаг. Том болоод аав ээжтэйгээ хамт өнгөрүүлсэн мартагдашгүй дурсамжид нь Буудай хамт байгаасай гэж хүсдэг.
Хүн болох багаасаа гэдэг болохоор би ажлаа бизнес гэхээс илүү хүүхдүүд том болоод ч үргэлж тэдний нэрийн хуудас болж байдаг хүмүүжилд нь эерэгээр нөлөөлөх хэв маяг гэж хардаг.
Манай гурван хүүхэд өөрсдөө бүтээгдэхүүнүүдийн туршигч нь учраас энэ санаа тэр чигтээ эх хүний сэтгэлээс урган гарсан гэж хэлж болно.
Бид нарын авчирсан энэ мод нь бүтээгдэхүүн болж хүүхдүүдийн өрөөнд очоод ямар гоё харагддаг, хүмүүжилд нь хэрхэн эерэгээр нөлөөлдөг гээд ажилтан бүрдээ ойлгуулах нь чухал ач холбогдолтой юм билээ.
Үүний тулд бүтээгдэхүүнээ хэрхэн сурталчилдаг, зураг авалтуудаа ямар зардалтай яаж хийдгээ ч ажилтнууддаа илтгэл хэлбэрээр танилцуулдаг.
Бизнес хэдийгээр ашиг олох нь чухал ч ямар зорилгын төлөө ажиллаж байгааг багийн гишүүн бүр мэдэх хэрэгтэй.
Цэвэр мод нь давуу талтай ч бас сул тал ихтэй, үүнээс хамаараад алдаа гарах тохиолдол байдаг бөгөөд алдагдлыг барагдуулах нь зардал өндөр байхаас үл хамааран дөнгөж эхэлж буй брендийн хувьд хэрэглэгч бүр сэтгэл ханамжтай байхыг эрхэмлэдэг.
Миний хүмүүстэй харилцахдаа баримталдаг зарчмуудаас хуваалцвал: 1. Хүмүүстэй чин үнэнчээр, ний нуугүй харилцдаг. Миний шийдвэр ямар шалтгаантай, татгалзахад ямар асуудал байна гээд нөхцөл байдлыг нээлттэй ярилцдаг.
2. Мэдэхгүй зүйлээ хүлээн зөвшөөрч, мэддэг хүмүүстэй нь нээлттэй зөвшилцдөг. Хийж чаддаг зүйлийг нь хийж чаддаг хүмүүсээр нь хийлгүүлэх нь цаг хугацаа хэмнэдэг. Харин өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлийг бол итгэлтэйгээр бусдад зааж өгдөг.