STRONG CEO'S – Тапатрип ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал З.Батгэрэл

Танилцуулга үзэх

Тапатрип ХХК нь Tapatrip PTE LTD компанийн охин компани юм. Монгол улсад аяллын нэгдсэн үйлчилгээг үзүүлж буй технологид суурилсан анхны аялал жуулчлалын компани болсон. Тапатрип платформ нь аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарт мэдлэг, туршлагатай мэргэжлийн баг хамт олон таныг Монгол улсын үзэсгэлэнт газрууд болон дэлхийн улс орнуудаар аялаж, зорчиход гүүр болон ажиллаж байна.

http://tapatrip.com
Байршил
Улаанбаатар, Монгол улс
Салбар

Тапатрип ХХК нь Tapatrip PTE LTD компанийн охин компани юм. Монгол улсад аяллын нэгдсэн үйлчилгээг үзүүлж буй технологид суурилсан анхны аялал жуулчлалын компани болсон. Тапатрип платформ нь аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарт мэдлэг, туршлагатай мэргэжлийн баг хамт олон таныг Монгол улсын үзэсгэлэнт газрууд болон дэлхийн улс орнуудаар аялаж, зорчиход гүүр болон ажиллаж байна.

3
минут уншина

Ажлын гараа тань хэзээ эхэлсэн бэ?
Би мэдээллийн системийн инженер мэргэжилтэй. Миний анхны ажлын гараа Атланта Энд ХХК-д Мэдээлэл технологийн ажилтнаар эхэлсэн. Дараа нь Ньюком Системз ХХК-д програмист, 2007-2014 онуудад Монгол Улсын Сангийн Яаманд санхүүгийн мэдээллийн технологийн даргаар ажилласан. Ингээд Монголын Хөрөнгийн Биржид мэдээллийн технологи хариуцсан захирал, Оюу толгойн далд уурхайн төсөлд төслийн удирдагч мөн Ковид эхлэхийн өмнөхөн Новел Лендинг гэдэг хөрөнгө оруулалтын компани ажиллуулсан гээд эргээд харахад Төрийн байгууллага, Төрийн өмчит компани, Хувийн хэвшил, Олон Улсын байгууллагад ажиллаж чамлахааргүй туршлага хуримтлуулжээ. Салбараар нь авч үзвэл төр, харилцаа холбоо, санхүү, уул уурхай, аялал жуулчлал юм. Тэгээд одоо Тапатрип гэдэг аяллын нэгдсэн үйлчилгээ буюу старт-ап бизнесийг эхлүүлээд, удирдан явж байна.

Аялал жуулчлалын салбартай хэрхэн холбогдсон тухай түүхээ хуваалцана уу.
Хүмүүс намайг “Мэдээллийн технологийн хүн яагаад аялал жуулчлалын компанийн CEO болчхов” гэж гайхдаг. Үүний тухай хүүхэд насны дурсамжаасаа эхлэн хуваалцъя. Манай ээж газар зүйн багш мэргэжилтэй. Тиймээс намайг ухаан орсон цагаас л гэрт маань глобус, газрын зураг, олон улсын сувинерууд байдаг байсан. Мэдээж багшийн хүүхэд болоод ч тэр үү би сурагч байхдаа олон олимпиадад оролцдог ялангуяа газар зүйн тэмцээнүүдээс байр шагнал ч олныг хүртдэг хүүхэд байв. Тийм болохоор хүүхэд наснаасаа эхлэн газрын зурагтай ажиллаж сурсан. Хаана ямар гүүр, хоолой, нуур, далай байдгийг тун сайн цээжилсэн шүү. Багадаа АНУ-руу л очиж үзэхийг мөрөөддөг тийм хүүхэд байлаа. Гэхдээ хүүхэд байхдаа АНУ-д очиж чадаагүй ч МУ-ын Сангийн Яамд ажилд ороод удаагүй байхдаа мэргэжил дээшлүүлэхээр Канад улс руу анх удаа хилийн дээс алхаж байсан.  Түүнээс хойш Энэтхэг, Зүүн өмнөд Ази, Европын улсууд гээд 20 гаруй орноор аялсан. Ингээд явж байхдаа олон орны соёлын ялгаатай талуудыг ажиглах, тэднээс суралцах боломж надад тохиосон. Ер нь амьдрал өөрөө аялал ч гэлээ амьдралынхаа турш ингээд гадаад улс орнууд руу очиж үзэх л хэрэгтэй юм байна гэж бодогдсон. Эргээд харахад энэ бүхэн намайг аялал жуулчлалын салбартай холбогдоход их нөлөөлсөн.

Одоо эрхэлж буй бизнесийн санаагаа хэзээ, хэрхэн олсон бэ? Бизнесийн тань анхны сэдэл?
Ковидын үеэр ихэнх компаниуд хүнд нөхцөлд орж, хүнсний үйлдвэрлэгчдээс бусад ихэнх газрууд хаалгаа барьсныг мэдэж байгаа байх. Тухайн үед хатуу хөл хорио тогтоож иргэд олон улс руу аялах битгий хэл хот дотроо нийтийн тээврээр зорчих боломжгүй болсон. Иймээс аялал жуулчлалын салбар хамгийн хүнд нөхцөлд орсныг уншигчид санаж байгаа болов уу. Тэр үед би өөрийн ментор эдийн засагч Ангартай ажиллаж, ковид бол үнэн хэрэгтээ хямрал биш бидний хувьд энэ нөхцөл байдал харин ч боломж мэт санагдсан. Хэрвээ одооноос аялал жуулчлалын нэгдсэн үйлчилгээний шинэ компани байгуулаад, бэлтгэл ажлаа сайтар хангаж чадвал цаг үе хэвийн болох үед аялал жуулчлалын том өрсөлдөгч компаниудтай нэг гараанаас эхлэх юм байна гэж бодсон. Ингээд туршлагатай хүний нөөцөө бүрдүүлээд, найзтайгаа хамтран компаниа үүсгэн байгуулсан. Бидний зорилго аялалд явахаар төлөвлөсөн хэн бүхэнд хэрэглэхэд маш хялбар, ойлгомжтой, бас хүртээмжтэй блокчейнд суурилсан шийдэл санал болгоё гэсэн санаагаа ажил хэрэг болгосон маань энэ юм.
Бид дотооддоо аяллын нэгдсэн үйлчилгээний захиалгын системгүй байснаар иргэд гаднын авиа үйлчилгээнүүдийг сонгон үйлчлүүлээд эхэлдэг. Ингэхээр л Монгол Улсаас тэрбумаар үнэлэгдэх бизнес олон улсад төрөхгүй байгаа юм. Тиймээс бусад салбартай харьцуулахад босго нам, экспорт хийхэд харьцангуй хялбар учир технологид суурилсан аялал жуулчлалын салбарыг сонгон ЮНИКОРН бизнесийг бид л босгох үүрэгтэй. Ирээдүйн залууст олон улсын бизнес босгох итгэл найдварыг өгөх хариуцлагатай үүргийг бид хүлээсэн.

Таны бүтээмжтэй ажиллах арга барил юу вэ?
Би өөрөө аялсан жижигхэн туршлагатай л болохоос биш миний карьерын хувьд аяллын компанид ажилласан туршлага байгаагүй. Тиймээс яг энэ салбарт ажилласан туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авах, суралцах, салбарын аль хэсэгт хувьсгал дутагдаж байгааг судлах хэрэгцээ үүссэн. Энэ ч утгаараа манай компани анх эхлэхдээ 100-аас дээш хүнтэй судалгаанаас эхэлсэн юм. Тэгэхээр яаж бүтээмжтэй ажиллах вэ гэдэг асуултад би нийгмийн асуудлыг сайн ойлгодог, чадварлаг ажилтнуудад тодорхой эрх мэдэл, боломжийг нь олгох буюу багийн ажиллагаа гэж хэлнэ.
Хувийн зохион байгуулалтын хувьд би ажлуудыг эрэмбэлж, чухлаас нь хийж эхлээд гүйцэт дуусгасны дараа өөр ажил руу шилжихдээ тасралтгүй ажиллах зарчмаар ажилладаг. Заавал нэг дор олон ажил амжуулах гэлгүй чухал ажлуудыг маш сайн төвлөрч, ажлаа хувааж хийх болон ажилд гүнзгий орох байдлыг эрхэмлэн ажилладаг. Компанидаа бол би өөрийгөө тууштай, тэсвэр хатуужлын үлгэр жишээгээр төсөөлдөг. Зүйрлэж хэлвэл, би 20 жил уртад гүйж 10 жил боксоор хичээллэж байна. ЮНИКОРН гэдэг бол олон улсын бизнесийн марафон болон оновчтой цохилтын хослол юм.

Байгууллагынхаа соёлын тухай танилцуулна уу.
Байгууллагын хөгжил нь тогтвортой, группийн хэмжээнд соёл нь тогтсон компанитай харьцуулахад бидний хувьд бүгд маш шинэ байгаа. Зах зээлдээ үлдэх, бусдаасаа өрсөж хөгжих эрмэлзэлтэй Старт-ап компанийн хувьд маш хурдтай бөгөөд жигд ажиллах шаардлагатай. Иймээс ажлын тогтсон цаг заахгүйгээр гүйцэтгэлд суурилсан үнэлгээг хэрэгжүүлж байгаа. Мөн ажилчдадаа маш тухтай орчин, уур амьсгалыг бүрдүүлж өгөхийг хичээдэг. Урт хугацаандаа Рио Тинто шиг байгууллагын соёлтой, үндэстэн дамнасан групп компани байгуулна гэсэн итгэлээр бид бага багаар тууштай хөгжсөөр байгаа.
Хүнийг ер нь тогтмол цалин баяжуулдаггүй юм байна гэдгийг би Рио Тинто далд уурхайн төсөлд ажилласан өөрийнхөө туршлагаар ойлгосон. Хүн олохын хэрээр мөнгийг яаж ч зарцуулж, үрж чаддаг юм билээ. Тиймээс цалингийн хувьд ямар нэгэн “тааз” тогтоохгүйгээр хийснээрээ цалинжих боломжийг бүрдүүлсэн.

Танай компани харилцагчийн үйлчилгээндээ хэрхэн анхаардаг вэ?
Манайх бол технологийн компани. Өөрөөр хэлбэл технологиор дамжуулан харилцагчтайгаа харилцдаг гэсэн үг. Тиймээс цаг алдалгүй маш сайн дата цуглуулах нь датан дээр ажиллахаас чухал юм. Зүйрлэж хэлвэл, эмч хүн чагнуур ашиглан өвчтөнөө чагнадаг бол бид бол датагаа цуглуулаад “чагнаж” чаддаг. Яг одоогийн байдлаар олон улсын стандарттай харьцуулахад бүтээх зүйлс их байгаа ч өдөр бүр сайжирч яваа. Тапатрип ХХК-ийн хувьд дата бол ЮНИКОРН бизнест хүрэх мөнгө юм. Мөнгөнөөс ялгаатай нь дата яг дарс шиг удах тусам үнэтэй болдог.

Яагаад танай компанийг сонгон үйлчлүүлэх хэрэгтэй вэ? Та онцлох шалтгааныг нэрлэнэ үү.
Хэд хэдэн маш тодорхой шалтгаан байна. Үүнд:

Бид Монгол залуусын оюунаар бүтсэн анхны аялал жуулчлалын юникорн бизнес болж ирээдүйн бизнесүүдэд олон улсад өрсөлдөх итгэл өгөхөөр 3.5 сая долларын анхны хөрөнгө оруулалтыг аялал жуулчлалын салбарт түүхэндээ анх удаа хийж чадсан.

Манай бүтээсэн блокчейн технологи ирээдүй рүү чиглэсэн

Иргэдийг аялаж, аз жаргалтай амьдралын хэв маягаа бүтээхэд бид тусалдаг.

Экспортын орлогыг нэмэгдүүлж, гадаад руу чиглэсэн валютын урсгалыг бууруулдаг.

Иргэд, олон нийтэд тэгш боломжийг олгосон.

Дуудлага бүрээ алдахгүй хариулах, эргэн холбогдох боломжуудыг бүрдүүлж чадаж байна.

Тапатрип аяллын нэгдсэн үйлчилгээнээс дурдвал 6 онцлох зүйл бий.

Нислэг, Аялал, Зочид буудал, Автобус, Галт тэрэг, Нийтийн тээвэр гээд тасалбар захиалгын нэгдсэн үйлчилгээг багтаасан аппликейшнтай.

Монгол, Англи, Япон, Солонгос, Хятад, Орос хэл дээр дэлхийн хаанаас ч ашиглах боломжтой.

Хямд тасалбарыг үйлчлүүлэгчийн өмнөөс хайгаад санал болгох AI буюу хиймэл оюун ухаантай.

Хямд үнээр суудлаа захиалж хадгалаад ДАРАА ТӨЛӨХ боломжтой.

Аялсан километр тутам урамшуулал боддог лояалти оноотой.

Хамтрагч байгууллагын бэлгийг худалдан авалт бүрд олгодог.

Танилцуулга үзэх

Тапатрип ХХК нь Tapatrip PTE LTD компанийн охин компани юм. Монгол улсад аяллын нэгдсэн үйлчилгээг үзүүлж буй технологид суурилсан анхны аялал жуулчлалын компани болсон. Тапатрип платформ нь аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарт мэдлэг, туршлагатай мэргэжлийн баг хамт олон таныг Монгол улсын үзэсгэлэнт газрууд болон дэлхийн улс орнуудаар аялаж, зорчиход гүүр болон ажиллаж байна.

http://tapatrip.com
Байршил
Улаанбаатар, Монгол улс
Салбар
Бизнесээ өргөжүүлж хүрээгээ тэлэхэд бэлэн үү?
Яг одоо бидэнтэй холбогдоод зөвлөгөө аваарай
Холбоо барих